Мэдээ мэдээлэл (26/78)

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ТЭТГЭВРИЙН АЛБА ХООРОНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Чэжү аймгийн Чэжү хотод Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба хооронд мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улс талаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Мэдээллийн технологийн төвийн дарга Г.Хүрэлбаатар, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, БНСУ талаас Үндэсний тэтгэврийн албаны Мэдээлэл технологийн төвийн дарга Ким Дэ Сүн, Мэдээлэл технологийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Жон Ил Ху тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр орон тэтгэврийн тогтолцооны хөгжил болон мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах зорилготой бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, дадлага хийх, хамтарсан судалгаа хийх, мэдээлэл солилцох, мэргэжилтэн солилцох, хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэх юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг хэрэгжсэнээр манай улсын хувьд техник, технологи өндөр хөгжсөн БНСУ-аас суралцан, хамтран ажиллаж, тэтгэврийн мэдээллийн системийн технологийг сайжруулах, илүү боловсронгуй болгох боломж гарах юм.