Мэдээ мэдээлэл (75/100)

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Засгийн газар өнөөдөр /2020-03-27/ ээлжит бусаар хуралдаж корона вирусийн улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ нөхцөлд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд иргэд, аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөллөө.
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй.
3. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас доош аж ахуйн нэгжүүдийг 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн чөлөөлнө.
4. Коронагаас үүдэн үйл ажиллагаа нь хумигдсан ч ажлын байрыг хамгаалж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажиллагсдад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд сар бүр олгоно.
5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3%-ийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгох замаар ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс доош оруулахгүй байх арга хэмжээ авна. Үүний үр дүнд 233 мянган малчин өрхийн орлогыг дэмжих боломж бүрдэх юм.
6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10.0 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж дээр нэмж олгохоор боллоо.
7. Газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах үүргийг холбогдох газруудад өгсөн. Энэ нь үнэ ханшийг өсгөхгүй барих, хаврын тариалалтын үед чухал ач холбогдолтой шийдвэр юм.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийх бөгөөд төсөвт тодотгол хийхгүйгээр өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийн үр дүнд хуримтлагдсан нөөцөөс зохицуулах боломжтой гэж үзэж байна.

 

2020.03.31